Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжихээр шийдвэрлэсэн.
Тус хуулийг дагаж гарах "Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам", "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний журам", "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ангилал"-ын төслийг шинэчлэн боловсрууллаа.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төслийн ангилал, үнэлгээ хийх хүрээг тодорхой болгож, шаардлагагүй төслүүдэд үнэлгээ хийлгэдэг байсан зохицуулалтыг арилгасан.
Шинэ зохицуулалтаар үнэлгээ батлуулах хугацааг мэдэгдэхүйц богиносгож, олон шат дамжлага, илүү баримт бичгийн шаардлагыг бууруулснаар төсөл хэрэгжүүлэгчид учирдаг хүндрэл, санхүүгийн зардлыг багасгахаар тусгасан.
Иргэдийн мэдээлэл авах эрхийг өргөжүүлж, төслийн байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг төрийн байгууллагаар дамжуулан авах боломжийг илүү тодорхой зохицуулсан.
Олон нийтийн оролцоог сайжруулах зорилгоор байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагаанд нөлөөлөлд өртөх иргэдийн өргөн хүрээний оролцоог хангах шинэ шаардлагуудыг журамд тусгасан.
Энэхүү журам батлагдсанаар байгаль орчны үнэлгээтэй холбоотой үйл явц илүү уян хатан, ил тод, цахим хэлбэрээр шийдвэрлэх боломжтой болж, төрийн үйлчилгээний шуурхай байдал хангагдан оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Иймд иргэн Та саналаа ирүүлнэ үү.