1. Үндэслэл, шаардлага
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталж, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг үндэслэн “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг шинэчлэн боловсрууллаа.
2. Журмын төсөлд тусгагдсан гол зохицуулалтууд
Төр, орон нутгийн дэмжлэгийг нарийвчлан тодорхойлсон:
Аймаг, нийслэлийн ИТХ-аас паркийн газрын байршил, хил заагийг ерөнхий төлөвлөгөөнд тусгах, гадна дэд бүтцийг орон нутгийн төсвөөр шийдвэрлэх, орон нутгийн худалдан авалтаар бүтээгдэхүүнийг дэмжих, татвар хураамжаас хөнгөлөх, орон нутгийн өмчийг хөнгөлөлттэй түрээслүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн;
Бүх шатны Засаг дарга нараас газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулах, орон нутгийн чанартай тусгай зөвшөөрөл, дүгнэлтийг шуурхай олгох, инженерийн шугам сүлжээгээр хангах, ажилчдын нийгмийн асуудлыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан.
Паркийн удирдлагаас нэгж үйлдвэрүүдэд үзүүлэх цогц үйлчилгээг тодорхойлсон:
Дэд бүтэц, логистик: Дулаан, цахилгаан, цэвэрлэх байгууламж, төмөр зам, авто зам, агуулах, терминалын нэгдсэн үйлчилгээ;
Захиргаа, бизнес хөгжил: Хөнгөлөлттэй түрээс, зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх, бизнес инкубатор, маркетинг, экспортыг дэмжих зуучлал;
Инновац, байгаль орчин: Технологи дамжуулалт, патентжуулалт, ногоон технологи нэвтрүүлэлт, хог хаягдлын нэгдсэн менежментийг хариуцах үүргийг тусгасан.
Хувийн хэвшлийн түншлэл, дэмжлэгийг зохицуулсан:
Хувийн хэвшлийн этгээд нийгмийн хариуцлагын хүрээнд болон өөрийн санаачилгаар паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө, хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн боломжийг нээж, эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг гэрээгээр баталгаажуулахаар заасан.
Дэмжлэг үзүүлэх шалгуур, хариуцлагыг тодорхойлсон:
Дэмжлэгийг зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй, жишиг гэрээ байгуулсан, Засгийн газраас баталсан үйлдвэрлэлийн жагсаалтад нийцсэн, паркийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төсөлд зориулан олгох;
Паркийн удирдлага үйл ажиллагааны тайлангаа хагас жил тутам гаргаж, тайлагнах;
Дэмжлэгийг зориулалтын бусаар зарцуулсан, хуурамч тайлан мэдээ ирүүлбэл дэмжлэгийг зогсоож, олгосон дэмжлэгийг нөхөн төлүүлэх хариуцлагын тогтолцоог тусгасан.
Тус журмыг баталснаар үйлдвэрлэл, технологийн парк, кластер үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдэж, төр болон хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоо, хяналтын механизм сайжрах нөхцөл бүрдэнэ.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод Та бүхэн энэхүү журмын төсөлтэй танилцан, саналаа ирүүлнэ үү.