1.Үндэслэл, шаардлага
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталж, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасныг үндэслэн “Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журам”-ын төслийг Засгийн газрын тогтоолоор батлуулахаар боловсрууллаа.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль (7.1.2)-д паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгохоор заасан байдаг боловч Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өөрчлөлтөөр (8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.2 дахь заалт) хүнд үйлдвэрийн чиглэлээр паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох зохицуулалтыг тусгаад байна.
Тусгай зөвшөөрөл авсан паркийн удирдлага тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологийн цогцолборыг байгуулах зорилгоор дэд бүтцийн хангамж бүхий паркийн нутаг дэсгэрт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх замаар паркийн нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ба паркийн нэгжийг газар, дэд бүтцээр хангах зэргээр үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна.
Паркийн удирдлага нь паркийн үйл ажиллагаанд:
-өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх;
-ашиг сонирхлоос ангид байх;
-үр ашигтай байх;
-ил тод, нээлттэй байх;
-тогтвортой, тасралтгүй байх зарчмыг баримталж, паркийн нэгжид үйлчилгээ үзүүлнэ.
Паркийн удирдлагаас үзүүлэх үйлчилгээний хураамж нь паркийн нэгжийн үйл ажиллагаа явуулах бизнесийн таатай орчныг бүрдүүлсний үндсэн дээр хураамж авах нөхцөл бүрдэнэ.
2.Журмын төсөлд тусгасан гол зохицуулалтууд
Паркийн удирдлагаас паркийн нэгжид хураамж ногдуулах үйлчилгээг дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд:
-паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах, эзэмших, түүний хэвийн үйл ажиллагааг хангах;
-паркийн зориулалтаар олгогдсон тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, паркийн нэгжид газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах;
-паркийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;
-паркийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ борлуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүгийн үйлчилгээ авахад зуучлах, бусад шаардлагатай үйлчилгээ.
Журмын төсөлд заасан үйлчилгээний хураамжийг паркийн удирдлага паркийн нэгжтэй харилцан тохиролцож, гэрээний дагуу тодорхойлох, паркийн нэгжид ашиглуулж буй газрын хэмжээнд ногдох газрын төлбөрийн тодорхой хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар болон паркийн удирдлага газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэхээр журмын төсөлд тусгав.
Дээрх журмыг баталснаар үйлдвэрлэл, технологийн парк, кластер үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдэж, паркийн удирдлага, паркийн нэгж болон төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоо, хяналтын механизм сайжрах нөхцөл бүрдэнэ.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод Та бүхэн энэхүү журмын төсөлтэй танилцан, саналаа ирүүлнэ үү.
Холбогдох материалыг хавсаргав.