Саналын дэлгэрэнгүй
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 онд батлагдсан, шилжилтийн үеийн зохицуулалтаар Монгол үүлдрийн адууны стандарт батлагдах хүртэл түр дүрмээр уралдах морины сэрвээний өндрийг хэмжиж 2022 оноос хойш уралдаж байгаа, 2025 оны 09 дугаар сарын 02-нд монгол үүлдрийн адууны стандарт шинэчлэн батлагдсан тул хуулийн шаардлагын дагуу сэрвээ хэмжих түр дүрмийг шинэчлэх, хуулийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Монгол наадмаар монгол морь уралдах нь 330 сум, 21 аймаг, улсад нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй наадамд малчин уяачид оролцох боломжтой болно. Сүүлийн жилүүдэд 120,000 гаруй уяачдын 90%-иас дээш нь малчин уяачид байдаг тул 105,000 малчин уяачид дэмжинэ. Монгол наадамчид, Монгол хүн бүрийн магнай тэнийсэн сайхан наадам болно. Дан ганц уралдах морины сэрвээний өндрийг хэмжиснээр дан эрлийз морьд өндөр, намаараа хоёр хуваагдаж уралдаж байгаа, энэ байдал нь сумын наадамд хүртэл буруу жишиг болж тогтсон. Уул нь нийт уяачдынхаа эрх ашиг, малчин түмнийхээ аж ахуй, амьдралд нийцсэн байдлаар энэхүү Монгол наадмыг зохион байгуулах ёстой байдаг. Гэтэл хөдөөний малчин уяачид энэ буруу, гаж тогтолцооноос болж морь уяахаа больж, монгол наадамд уралдах морьдын тоо эрс цөөрч, өв соёл устаж үгүй болж байна. Малчид дагаад адуугаа эрлийзүүлэхээр жүчээ буюу хашаанд тэжээх шаардлага үүсэхээр малчин өрхийн эдийн засагт хохиролтой, нүүдлийн байдлаас суурин руу шилжих шаардлага үүсдэг, эрлийз адуугаа бэлчээрээр нь маллахаар өвлийн хүйтэн, шуурганаар амьдрах чадвар муу тул үхэж, үрэгдэх эрсдэлтэй, түрүүчээсээ эрлийз адуу нь бэлчээрээр байхдаа хорогдол ихтэй болсон. Яг хөдөөний малчид бол эрлийз адуунаас татгалзсан, дэмждэггүй. Иймээс үндэсний бахархалт өв соёлоо аварч үлдэхийн тулд монгол наадамд монгол морь уралдах хуулийг хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоолоор батлагддаг үндэсний хурдан морины уралдааны дүрмээ яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Энэ асуудлыг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо 2017 оноос хуулийг нь батлуулж, монгол үүлдрийн адууны стандартыг нь шинэчлүүлж, одоо дүрмийг нь өөрчлөх шаардлагатай байна. Иймд Үндэснийхээ өв соёлыг дээдлэгч Монгол хүн та энэхүү санаачлагыг дэмжиж саналаа өгч идэвхитэй оролцохыг уриалая. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, УЯАЧДЫН ХОЛБОО МОНГОЛЫН АДУУНЫ БҮРТГЭЛИЙН ТӨВ