Саналын дэлгэрэнгүй
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН 20 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ҮНИЙН ДҮНТЭЙ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЦАХИМЖУУЛЖ, НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн үзэл баримтлалын хүрээнд төрийн болон орон нутгийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдүүдийн 20 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй шууд худалдан авалтыг цахим системээр зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох Засгийн газрын шийдвэр гаргахыг санал болгож байна.
Одоогийн байдлаар жил бүр төрийн байгууллагууд 20 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй олон мянган худалдан авалтыг хийдэг боловч эдгээр мэдээлэл нь бизнес эрхлэгчид болон иргэдэд бодит цаг хугацаанд хүртээмжтэй, нээлттэй байдлаар хүрдэггүй байна. Үүний улмаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид төрийн худалдан авалтад тэгш оролцох боломж хязгаарлагдаж байна.
Иймд төрийн байгууллагуудын 20 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй худалдан авалтыг цахим хэлбэрээр зарлаж, үнийн санал авах, нийлүүлэгч сонгох үйл ажиллагааг нэгдсэн системээр зохион байгуулдаг болох нь зүйтэй гэж үзэж байна.
Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр:
- Төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдал нэмэгдэнэ.
- Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл буурна.
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төрийн худалдан авалтад оролцох боломж өргөжинө.
- Өрсөлдөөн нэмэгдэж, төсвийн хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдэнэ.
- Жил бүр хийгддэг ойролцоогоор 25 мянга орчим худалдан авалтын нийт 500 тэрбум төгрөгийн зах зээл олон нийтэд нээлттэй болно.
Одоогийн төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн боломж хүрэлцэхгүй тохиолдолд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн бэлэн тендерхаб.мн платформыг улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр ашиглах боломжийг мөн судалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд дээрх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.