Саналын дэлгэрэнгүй
Дулаан зогсоол нь ихэнх иргэдийн хувьд орлого олох бус, орон сууцны дагалдах зориулалттай өмч бөгөөд хувийн хэрэгцээнд ашиглагддаг. Гэвч дулаан зогсоолд ногдуулж буй 1%-ийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь хэт өндөр бөгөөд 0.6%-аас 1% болгон нэмэгдүүлсэн нь иргэдийн татварын ачааллыг эрс өсгөж байна.
Иймд орлого бий болгодоггүй, хувийн хэрэгцээнд ашиглагддаг дулаан зогсоолд зах зээлийн үнэлгээнд суурилсан 1%-ийн татвар ногдуулах тогтолцоог өөрчилж, хөрөнгийн үнэлгээнээс үл хамаарах, талбайн хэмжээнд суурилсан жилийн тогтмол хураамжийн тогтолцоонд шилжүүлэхийг санал болгож байна.
Тухайлбал, дулаан зогсоолын 1 м талбайд жилд 2,000-5,000 төгрөгийн тогтмол хураамж ногдуулах нь татварын шударга, тогтвортой зарчимд нийцэхээс гадна төрийн орлогыг хадгалж, иргэдийн татварын ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Ийнхүү дулаан зогсоолын онцлогт нийцсэн, иргэдэд илүү хүртээмжтэй татварын зохицуулалт бий болгох шаардлагатай байна.