Саналын дэлгэрэнгүй
2026 онд ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн өөрчлөлт, ахлах ангийн сургалтын зохион байгуулалтыг шинэчлэх бодлого хэрэгжиж байна. Боловсролын яамны мэдээллээр орон нутагт байрлах 539 сургуулийн 74 хувь нь бүрэн дунд сургууль, 18.9 хувь нь 19 дүгээр ангитай дунд сургууль, 7.1 хувь нь бага сургууль байна. Мөн сумын 199 сургуулийн ахлах ангийн бүлэг дүүргэлтийн дундаж 25-аас бага байгаа талаар мэдээлжээ. 10, 11, 12 дугаар ангид цөөн хүүхэдтэй сургуулиудыг бага, дунд сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, сум дундын ахлах сургуульд шилжүүлэх асуудлыг хүчингүй болгох талаар энэхүү өргөдлийг гаргаж байна. Сумын төв нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, худалдаа, соёлын үйл ажиллагаа төвлөрсөн суурин газар бөгөөд ерөнхий боловсролын сургууль нь түүний гол түшиц байгууллагын нэг юм. Сургуулийн ахлах ангийн сургалтыг өөр сум руу шилжүүлснээр хүүхэд, эцэг эх, багш, ажилтнуудын орон нутгийн амьдралд оролцох байдал өөрчлөгдөж, зарим өрх хүүхдээ даган шилжин суурьших, эсхүл сумын төвөөс өөр газар амьдрах шаардлагатай болох эрсдэлтэй. Сургуулийн бүтцийн өөрчлөлт хэрэгжсэнээр сумын хүүхдүүд ахлах ангид суралцахын тулд өөр сум руу зорчих, дотуур байранд амьдрах шаардлага үүсэж болзошгүй. Энэ нь хүүхдийн гэр бүлээсээ холдох, эцэг эхэд нэмэлт зардал гарах, хүүхдийн аюулгүй байдал, сурч боловсрох орчинд хүндрэл учруулах эрсдэлтэй. Манай сумын ерөнхий боловсролын сургууль нь хүүхэд бүрт боловсрол эзэмших боломжийг ойр хүргэх, сумын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чухал байгууллага юм. Иймд сургуулийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс өмнө тухайн сумын хүн ам, хүүхдийн тоо, газар зүйн байршил, замын нөхцөл, дотуур байрны хүртээмж, эцэг эх, багш, сурагчдын саналыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд дараах хүсэлтийг гаргаж байна. 1. 10, 11, 12 дугаар ангид цөөн хүүхэдтэй сум дундын ахлах сургуульд шилжүүлэх ажлыг хүчингүй болгох. 2. Сумын бүрэн дунд сургуулийн 1012 дугаар ангийн сургалтыг хэвээр хадгалах боломжийг судлах. 3. Сургуулийн бүтцийн өөрчлөлтийн асуудлаар эцэг эх, багш, сурагч, иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах. 4. Хүүхдийн эрх, боловсролын хүртээмж, орон нутгийн онцлогт нийцсэн шийдвэр гаргах. Дээрх хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хариу өгнө үү.